Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын газар зүйн байрлал, нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсүүд
Газар зүйн байрлал:
Алтай Таванбогдын БЦГ нь Монгол улсын хамгийн баруун зүгт хойт өргөргийн 47”30” ба 49”15” , зүүн уртаргийн 87”48” ба 90”00” хооронд хойноосоо баруун урагш чиглэн тогтсон Монгол-Алтайн нурууны баруун хойт, баруун хэсгийг эзлэн оршдог.
АТББЦГ-ын хил нь хойт талаараа ОХУ-ын Алтай улстай, баруун талаараа Таван Богдоос баруун урагш Өвчүүн уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг.
АТББЦГ нь Монгол-Алтайн нурууны баруун хойт хэсэгт Монгол, БНХАУ-ын хилийн дагууд Алтай Таван Богд уулаас Өвчүүн уул /Их Даваат/ хүртэл уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийг хамарсан, нийт 636161 га, үүнээс хөдөө аж ахуйн эдэлбэр газар 563862 га, ой бүхий талбай 22328 га, усан сан бүхий газар 16000 га-г тус тус эзэлдэг.
Нутаг дэвсгэр:
АТББЦГ-ын хил засаг захиргааны нэгжийн хувьд Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дэвсгэртэй хиллэдэг бөгөөд эдгээр сумдын нутгаас АТББЦГ-т хамрагдах хэмжээ, эзлэх хувийг хүснэгтээр үзүүлэв.
Хамгаалалтын бүсүүд
АТББЦГ-ын дотоод бүсүүдийг холбогдох сум, Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн БО-ны сайдын 1998 оны 143-р тушаалаар баталжээ.
Онцгой бүс: Энэ бүсэд ховор ан амьтан, ургамлын тархац нутаг, ой, байгалийн үзэсгэлэнт газар, мөнх цас, мөсөн голууд, голын эх булгийг хамгаалах зорилгоор Таван Богд, Рашааны Их уул, Хоромдогийн эх, Хар салаа голын эх, Их, Бага Түргэний эх, Сумдайраг, Ирмэгтэйн эх, Хүйтэн рашааны ам, Хавцал булаг, Сонгинот, Ямаат, Ёлт голуудын сав газрыг онцгой бүсэд хамруулсан нь цогцолборт газрын 19.2% буюу 122000 га талбайг эзэлж байна.
Аялал жуулчлалын бүс: Таван Богдын ноён оргилоос Улаанхус сумын нутаг Их Ойгорын голын хөндий, Ирвэстийн даваа, Хөх нуур, Шивээт Хайрхан уул, Аксугийн рашаан сувилалын газар, Хотон, Хурган, Даян нуурын хөндий, сав газар, Ёлтын даваа, Өвчүү уул хүртэлх 365800 га газар нутгийг хамруулсан нь цогцолборт газрын 57.5%-ийг эзэлж байна.
Ямаат голын хөндийд улирлын чанартай хилийн боомт ажилладгийг харгалзан зурвас газарт коридор гарган аялал жуулчлалын бүсэд хамруулсан байдаг.
Хязгаарлалтын бүс: Энэ бүсэд Шивээт Хайрхан, Татдаг уул, Мянгарагийн нуруу, Хар салаа голын эх, Шарааш уул, Хагийн Хар нуур, Онхот нуур, Могойт голын сав газар, Цагаан-Асга уул, Хотон голын сав, Холагаш уул, Чихэртэй, Жаланаш нуурын сав газар, Шар говийн эхийг хамарсан 148400 га газар нутгийг хамруулсан нь цогцолборт газрын 23.3%-ийг эзэлдэг.
Орчны бүс:Улсын хил дээрх 3503,2 тоотоос зүүн түүш улсын хилийн дагуу Улаан даваа хүрч, түүнээс зүүн хойш Хөх-Эргийн мал баазыг оруулж, урагшаа Талдагийн Их уул 3623 м, түүнээс зүүн хойш Хагийн даваа, зүүн урагш, зүүн түүш 2681, 3284 тоотууд, түүнээс баруун урагш эргэж Хотон Харгайн уул 2816 м, түүнээс зүүн хойш 2697 тоот, зүүн урагш 2678 тоот, түүнээс баруун урагш Тошинтын уул 2833 м, Зүрх уул 2848 м, дүүн урагш Цэнгэл Хайрхан уул 3943 м, баруун урагш эргэж Цагаан-Асга уулын 3435, 3025 тоотуудыг дайрч, зүүн урагш Битүүний даваа 3428, 3208 тоот хүрч, түүнээс чанх зүүг тийш 2535 тоот, зүүн урагш эргэн Шолагийн даваа 3056 м хүрч, баруун урагш эргэн БЦГ-ын хил Их Даваат хүрч түүнээс баруун хойш БЦГ-ын хязгаарлалтын бүсийн дагуу явсаар улсын хилийн 3503,2 тоотод хүрч дуусна.
АТББЦГ-ын орчны бүсийг хил залгаа Алтай Таван Богдын БЦГазрын орчны бүсийг Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Хамгаалалтын захиргаанаас боловсруулсан саналыг Байгаль Орчны сайдын 1999 оны 140 дугаар тушаалаар баталжээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ